Ulaanbaatar, Mongolia
“Дулаан шийдэл II” төсөл нь Европын Холбооны Свитч-Эйша хөтөлбөр, Жендэр ба Ногоон үйлсийн төлөө эвслийн (ГАГГА) хамтын санхүүжилтээр гэр хороолол дахь хувийн орон сууцны эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж, дулаан алдагдлыг багасгаж, нүүрсний хэрэглээг бууруулах замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм. Төслийг Жэрэс олон улсын ТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн төв, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, Монголын Ногоон Санхүүгийн Корпорац зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хэрэгжилтэд бидний зүгээс олон нийтийн оролцоог хангах аяныг удирдан зохион байгуулах, үйл ажиллагаануудад эмэгтэйчүүдийн тэгш оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй шийдвэр гаргахад нөлөөлж, хамтрагч байгууллагууддаа энэ чиглэлээр арга зүйн дэмжлэг үзүүлэх юм. Түүнчлэн төсөл хэрэгжих 4 жилийн хугацаанд гэр хорооллын иргэдийг байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулах талаар мэдлэг олгож, хөрш зэргэлдээх айлуудаа уриалж, үндэсний хэмжээнд түгээх “Хялбар шийдэл” нөлөөллийн аян өрнүүлэх юм.
Бид 2023 онд Дулаан шийдэл 2 төслийн хүрээнд эмэгтэй удирдагчтай 2 ИНБ-тай олон нийтийг идэвхижүүлэх үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллав. Төслийн зорилтот байршлууд болох Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдийн 10 хороонд 20 гаруй удаагийн сургалт зохион байгуулж олон нийтэд дулаалгын ач холбогдлыг таниулсан. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 2 цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхчүүдэд хялбар дулаалга болон агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн зүгээс оруулах хувь нэмэр, оролцооны талаар сургалт уулзалтыг амжилттай зохион байгууллаа. 2023 онд агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн манай аяны хүрээнд бид 149 өрхийн дээврийг дулаалах ажлуудыг хийж гүйцэтгэсэн ба 800 гаруй өрх бидний санал болгосон хялбар аргааг байшингаа дулаалж, нийтдээ 1100 орчим өрх дунджаар 18 хувийн эрчим хүчний хэмнэлт хийсэн байна.
Comments