УАӨ-д дасан зохицох үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь
МОНЭС-н Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр 2023-2024 онд Архангай аймгийн Цэнхэр, Булган сумдад “УАӨ-д дасан зохицох үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.
Монгол улсын өнөөгийн нөхцөл байдалд, уур амьсгалын өөрчлөлтийн гол нөлөөлөл нь бэлчээрийн доройтол, цөлжилт, усны нөөц багасах явдал юм. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, ноцтой байдал болох зуд, ган гачиг, шар усны үер, хэт халуун зэрэг мал аж ахуй, хөдөөгийн амьжиргаанд ихээхэн хохирол учруулдаг үйл явдлууд эрс нэмэгдэж байна. Малчид уур амьсгалын эрс тэс үзэгдэлд хариу үйлдэл үзүүлэх, дасан зохицох чадвар муутай, онцгой нөхцөл байдлын үед малын гарз хохирлыг нөхөхийн тулд сүргийн тоог өсгөж, тэсвэрлэх механизм болгон ашигладаг. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бэлчээрийн доройтол, усны хомсдолыг хурдасгаж, малын чанар, ашиг шимийг муутгаж байна. Засгийн газрын бодлого, түүний дотор Мал аж ахуйн үндэсний хөтөлбөр (2010-2021) нь ус, газрын нөөцийн дарамтыг бууруулах арга хэмжээ болгон малын тоог бууруулах, сүргийн бүтцийг сайжруулах зорилтуудыг дэвшүүлсэн бөгөөд бид шинээр хэрэгжүүлэх төслөөрөө үндэсний болон орон нутгийн бодлого төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн бага ч гэсэн хувь нэмэр оруулах зорилттой байна.


Төслийн зорилго
Төслийн зорилго нь тогтвортой мал аж ахуй, малд ээлтэй нөхцөл байдал, эрүүл ахуйн
дүрмийг нэвтрүүлснээр малын гаралтай бүтээгдэхүүний чанар, гарцыг сайжруулж баталгаажуулах. (Гэрчилгээжүүлэх) Малчин эмэгтэйчүүдийг уур амьсгалын өөрчлөлт болон эдийн засгийн шинэ сорилтуудыг даван туулах, дасан зохицоход чадавхжуулах, эдгээр асуудлаар өрх, олон нийт, засаг захиргааны түвшинд шийдвэр гаргахад орлцогч идэвхтэй төлөөлөл болоход дэмжих, зорилтот сумдын малчдад уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд хэрхэн дасан зохицох, тэдний сонголтод нөлөөлж буй хүчин зүйлсийн талаархи мэдлэгийг дээшлүүлэх юм.
Төслийн үр дүн
Төслийн хүрээнд Стандарт Хэмжил Зүйн газраас гаргасан “Хариуцлагатай нүүдэлчид” MNS6891:2020 стандартын шаардлага хангасан гэрчилгээг 2 хоршоо гардан авлаа. Энэхүү гэрчилгээг олгохдоо стандартын зохистой дадлуудыг хэрхэн хэвшүүлсэн талаар 5 төрлийн 164 шалгуур үзүүлэлтээр өрх тус бүрд асуумжаар асуух, баримт материал дээр дүн шинжилгээ хийх, ажиглалт хийх, ярилцлагын байдлаар баталгаажуулах, үнэлэх ажил хийгдсэн. Гэрчилгээ нь зөвхөн хоршоонд төдийгүй хоршооны бүх өрхөд хамааралтай бөгөөд нийт 103 өрх айл гэрчилгээтэй болсон гэж дүгнэж болно. Хариуцлагатай нүүдэлчид гэрчилгээтэй болсноор бүтээгдэхүүний чанар, бэлтгэлд ахиц дэвшил гарч, бүтээгдэхүүн, түүхий эдээ ченжээр дамжуулалгүй, зах зээлийн үнэнээс буулгалгүй компаниудад шууд нийлүүлэх тогтмол гэрээтэй болсон зэрэг нь өрхийн орлого, амьдралын чанарт эерэгээр нөлөөлж байна